Эгэл жирийн америк хүмүүсийн амьдралаас...
2008 оны 11-р сарын 28, Нийтэлсэн tagnuulЭгэл жирийн америк хүмүүсийн амьдралаас...
1138 удаа уншсан.
2007 оны 07 сарын 19
Бид америкуудыг тэр бүр мэддэг билүү. Их зан, хуурамч засдаг инээд, технократ сэтгэлгээ, эсвэл хээгүй гэх мэтээр хэлэх ч тэдний цээжинд нь ямар зүрх цохилон байдгыг тэр бүр мэдэрдэг болов уу гээд ийм нэгэн түүхийг хүргэе.
Памела Клаупол хэмээх нэгэн америк эмэгтэйн амьдрал 56 насанд нь орвонгоороо өөрчлөгдөжээ. Нэгэн хагас сайны өглөө тэрээр гэрийнхээ арын цэцэрлэгт ажиллаж байгаад гэнэт ухаан алдан унасан байна. Золоор хөршүүд нь харж, эмнэлэгт хэл хүргэснээр аврагдажээ. Амь нас нь аврагдсан ч, биеийнх нь нэг тал нь мэдээ муутай, нүд нь хараагүй болсон байна. Хэдэн сарын дараа эмнэлгээс гарахад нь эмч хараа орох найдвар их бага байгааг хэлжээ.
Памела эмнэлгээс гэртээ гарч ирэхэд тэрээр амьдралын бүх зүйлд дахин шинээр суралцах шаардлагатай болжээ. Энэ нь тийм ч амархан байсангүй. Памела ганц бие эмэгтэй, удаан хугацаагаар ганцаар амьдарч иржээ. Гэвч тэр амьд үлдэж чадсан шигээ бүхнийг сурах ёстой. Хэцүү байсан ч тэрээр аажим аажмаар хоолоо хийж, аяга тавгаа цэвэрлэж, тэр ч бүү хэл дэлгүүрээс идэх уух юмаа цуглуулж сурч байлаа. Сэтгэлээ чангалж, шинэ нөхцөлд бага багаар дассаар... Найз нөхөд нь,хөршүүд, сүмээс, бас нутгийн захиргаанаас нь түүнд бүх талаар туслана. Гэсэн ч бэрхшээлтэй, хийж чадахгүй зүйл, давж болшгүй бэрхшээл их байв.
Хараагүй болсоноос хойш гурван жилийн дараа... Нэгэн өдөр гал тогооны өрөөний нь угаалгын суулга бөглөрчээ. Найзууддаа хэлэв. Харин найзууд нь “Митч-д хэл, тэр чамд тусалж чадна” гэж зөвлөөд утсыг нь өгсөн байна. Энэхүү Митч бол тэр орчимд ажилладаг сантехникч ажээ. Тэр дунд эргэм насны мөн л ганцаар амьдардаг, харин ажилдаа дуртай ч, сайн ч ажилтан байв.
Памела Митч рүү залгаж, “Би өөрийг чинь сайн сантехникч гэж дуулсан. Манай гал тогоонд нэг асуудал гараад байна. Та надад туслахгүй юу?” гэлээ. Митч тэр дариу ирээд хэдхээд минутын дотор бөглөөг нь гаргав. Памела талархаснаа илэрхийлээд “Би таны ажлын хөлсөнд хэдийг төлөх вэ” гэсэнд “Хэдийг ч төлөх хэрэггүй ээ, би зөвхөн аяга цай л ууя” гэжээ.
Памела цай аягалж, хоёул гал тонооны ширээн дуур суугаад цайлцгаалаа. Митч Памелад ямар ч үед тус болохдоо баяртай байх болно гэв.
Энэ явдлаас хойш дахиад хоёр жил болжээ. Митч хааяа Памелагийнд ирж зарим эвдэрсэн, засах янзлах шаардлагатай зүйлсийг нь янзална, бас түүнтэй хамт цэцэрлэгт нь ажиллана. Харин түүнийхээ төлөө Памелагаас хэзээ ч мөнгө шан авч байсангүй. Зөвхөн хамтдаа суугаад цай л ууцгаана. Үүнийгээ Митч би цалин хөлсөө авч байгаа нь энэ хэмээн хошигноно.
Нэг өглөө Памела эрт сэрэв. Тэрээр толгойгоо эргүүлээд орных нь дэргэд байх сэрүүлэгтэй цагаа хартал 5 цаг 30 минут болж байна. Тэр харж чадаж байна гэжүү гэдэгтээ итгэсэнгүй. Хаалганы цаана, цонхны цаад руу хараагаа шилжүүллээ. Тэр цэцэгс, модод, гудамжны цаана байх байшинг харж чадаж байв. Тэрээр баярласанаа бахардан хашгирав. Тэгээд утсаа шүүрч аваад Митч рүү залган мэнд ч үгүй “Хурдлаарай, яаралтай хүрээд ир” хэмээн хашгирлаа.
Митч яаран хувцаслаж байх зуураа Памелагийн тухай бодсоор байв. Ийм өглөө эрт тэр яагаад түүнийг дуудах болов, бас ямар нэгэн газарт ус алдаад хэцүү байгаа юм болов уу, эсвэл түүний байшинд хэн нэгэн орж ирсэн юм болов уу гээд янз бүрээр л бодно. Памелагийнх хүртэлх хагас майлыг тэрээр гүйсээр туулав.
Памела хаалгаа дэлгэчихсэн, үүдэн дээрээ түүнийг тэсч ядан хүлээсэн зогсож байлаа. “Пам, Чи зүгээр үү?” гэхэд Памела Митчийн гараас нь барьж, нүүр өөд нь харж инээгээд “Чи бор нүдтэй юм аа” гэв.
“Юу?” хэмээн Митч учрыг нь үл ойлгон асуухад
“Чиний нүд бор өнгөтэй юм байна” хэмээн Памела давтав.
“Чи харж чадаж байгаа гэж үү”
“Тиймээ, би чамайг харж байна” гээд Памела Митчийг тэврэн авчээ. Митч ч Памелагаас дутахгүй баярлажээ. Хэдэн долоо хоногийн дараа Митч Памелад гэрлэх хүсэлт тавихад Памела татгалзсангүй. Митч анх тэдний гал тогооны угаалтуурын бөглөөг гаргаж өгөхөөр ирэхдээ л түүнд хайртай болсон гэдгээ хэлсэнд “Чи тэгээд яагаад хэлээгүй юм бэ” хэмээн Памела асуув.
“Би их царай муутай болохоор чамд таалагдахгүй байх гэж бодсон юм”
“Би чамайг харж чадахгүй байсан шүү дээ” гээд Памела “Би ч гэсэн энэ жилүүдийн туршид чамайг хайрлаж байсан” гэв.
Митч “Тийм гэж үү, Тэгээд чи яагаад надад хэлээгүй юм бэ” гэхэд Памела “Би сохор учраас чи намайг сонгохгүй байх гэж бодсон юм” гэв.
Тэд одоо Америкийн төвийн мужийн нэгэн бяцхан хотод аз жаргалтай амьдарцгааж байгаа ажээ.
Д.Баяржаргал
Росллин. Арлингтон
Сэтгэгдэлгүй байна